Wednesday, June 13, 2018

Унаач хүүхэд ба даатгал


-->
Хурдан морины унаач хүүхдүүд нь эрүүл мэнд, амь насандаа ихээхэн эрсдэлтэйгээр энэ албыг гүйцэтгэдэг. Жил бүр 2 унаач хүүхэд амь насаа алдаж, 3000 хүүхэд бэртэж гэмтэж, эрүүл мэндээрээ хохирдог статистик байдаг. /Эх үүсвэр: http://www.trends.mn/n/6169  / Нөгөө талаас ар гэр, тухайн хүүхдийн амьдрал, хүмүүжилд дэм тус болдог тухай уяачид ярьдаг. Аль ч тохиолдолд хэдэн жилдээ  хүүхэд хурдан морины унаач хийсээр, ихээхэн эрсдэлийг жижигхэн биеэрээ үүрсээр байх нь харагдаж байна.  

Энэхүү эрсдэлийг багасгаж болох нэг гарц нь даатгал юм. Хүүхдийн эрүүл мэндэд хохирол гарвал, энэхүү даатгалын мөнгөөр эмчилгээ бусад дагалдан гарах зардлыг зохицуулах боломжтой болох юм.

Хуулинд ч энэ тухай байдаг. Үндэсний баяр наадмын тухай хуульд “Баяр наадмын хурдан морийг долоогоос дээш насны хүүхэд унах бөгөөд ослын даатгалд даатгуулсан байна” гэж заасан байдаг. Гэтэл энэ хууль олон зүйлийг тодорхойгүй орхижээ. Жишээ нь: Энэ хуулийг зөрчсөн бол яах тухай шийтгэл байхгүй.

Өөр том асуудал бол хэдэн төгрөгөөр үнэлж даатгах тухай байдаггүй. Бодит амьдрал дээр, даатгалын компаниудын статистик мэдээгээр нэг удаагийн наадамд уяачид маань хамгийн хямдаар буюу 2-3 сая төгрөгөөр үнэлж, 20-30 мянган төгрөг төлж даатгуулдаг байна. Хамгийн том эрсдэл буюу амь насаа алдахад 2-3 сая төгрөг л олдоно гэсэн үг. Ихэнх тохиолдолд 200-300 мянган төгрөгийн нөхөн төлбөр олдоно гэсэн үг.

Гэтэл хүүхдийн амь насыг ингэж хямдхан үнэлж болохгүй. Хуулинд өөрчлөлт оруулж дор хаяж, наадмынх нь хэмжээнээс шалтгаалж ядахдаа хурдан морины дундаж ханш болох 20 саяаас дээш үнэлэх, бас хууль зөрчсөн бол эрүүгийн хариуцлага хүлээдэг байхаар зааж өгөх шаардлага байна. Гэтэл хуулинд өөрчлөлт орох гэсээр байтал хүүхдүүд хохирсоор байх эрсдэлтэй.


Өөр нэг гарц нь Уячдын холбооноос дотоод журам гаргаж зохицуулах боломжтой. Уячдын холбооны зүгээс ч олон түмний шүүмжлэл хүчтэй энийг дэмжих нь өөрсдөд нь хэрэгтэй гэж тооцох магадлалтай. Мөн өөр нэг холбоотой газар нь  СЗХ юм. Даатгалын бүтээгдхүүнийг стандартчилж, үнэлгээний доод хязгаарыг зааж өгөх зэргийг СЗХ шийдэх боломжтой.