Thursday, July 06, 2017

Өрийн дарамтыг бууруулах шилдэг арга

1892 онд болсон Ерөнхийлөгчийн сонгууль АНУ-ын түүхэн дэх хамгийн дуулиантай сонгуулийн нэг. Гол сэдэв нь алтан суурьтай доллар хэрэглэх үү, мөнгөн суурьтай доллар хэрэглэх үү гэдэг дээр төвлөрч байв.

 Хэрвээ  мөнгөн суурийг хэрэглэвэл инфляци үүсч, өр зээлийн дарамтыг бууруулж, фермерүүдэд ашигтай тусах байв. Харин алтан суурийг үргэлжлүүлэн хэрэглэвэл үнэ ханш тогтвортой байж, зээл олгосон хүмүүст, банкуудад ашигтай тусах байв.

 Ардчилсан намаас нэр дэвшигч У.Брайан болохоор мөнгөн суурийг хэрэглэх байр суурьтай байв. Тэрээр“Хүн төрөлхтнийг алтан загалмай дээр цовдолж болохгүй” гэсэн алдартай үгээ энэ сонуулийн сурталчингааны үеэр хэлсэн байдаг. Хэдийгээр У.Брайан ард олноос өргөн дэмжлэгтэй байсан боловч сонгуулийн луйвраар Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч У.Маккинли ялсан.

 Инфляци яаж өр зээлийн дарамтыг багасгадаг вэ? 1 саяын цалинтай Тулга 5 саяын цалингийн зээлтэй байя гэж бодьё. Түүний сар тутмын хэрэглээ 500 мянга байг. Зөрүү 500 мянгаараа зээл төлнө гэсэн үг. Тэгээд нэг өдөр цалин ч юмны үнэ ч 2 дахин өсвөл 2 саяын цалинтай, сар тутмын хэрэглээ 1 сая болно. Зөрүү 1 сая төгрөгөөрөө зээлээ төлнө. Харин 5 саяын зээл бол 5 саяын зээл хэвээрээ үлдэнэ. Ингэснээрээ Тулгын өр зээлийн дарамт хамаагүй багасна.

 Монгол Улсад бол 1991 оны алдарт 20 дугаар тогтоол яг ийм үр дүн авчирсан. Энэ тогтоолоор цалин болон гол нэрийн барааны үнэ хоёр дахин өссөн. Тэр үед үнийг ч цалинг ч төрөөс хянадаг байсан тул энэ боломжтой байв. Энэ тогтоолын дүнд тухайн үед цөөхөн байсан өр зээлтэй хүмүүс хожсон.  Харин жаахан хадгаламжтай эсвэл бэлэн мөнгөтэй нийгмийн дундаж давхарга хохирсон.  Дотоод өр зээл ихтэй байсан Засгийн газар тэрүүхэн богино хугацаандаа санхүүгээ сайжруулсан.

Харин одоо зах зээлийн тогтолцоотой болсон үед цалинг ч юмны үнийг ч шууд нэг тогтоолоор өсгөх аргагүй. Засгийн газар төсвийн ажилчдын цалин, тэтгэврийг бол дураараа нэмж болно. Гэтэл хувийн сектор шууд цалингаа нэмэхгүй.

 Инфляцийг үүсгэе гэвэл Монголбанкны зүгээс мөнгөний тэлэх бодлого явуулах хэрэгтэй болно. Гэтэл энэ нь инфляци үүсгэхийн тулд цаг хугацаа зарцуулна. Нөгөө талаас цалингийн өсөлт юмнын үнийн өсөлтөөс хоцорно. Тэр хооронд цалинтай ажилтнууд хохирох болно. 

Мэдээж өр зээлийн дарамтыг бууруулах гээд нийт эдийн засгаа хорлож болохгүй. Хэт өндөр инфляци бол тодорхойгүй байдлыг бий болгох зэргээр эдийн засагт маш хортой. Мөн инфляци нь хөдөлмөрлөж, хадгаламж хуримтлуулсан хүмүүсийг хохирооно.